Математикийн хичээл сургалтын багц үзүүлэн (Хоёрдугаар багц)

 


Ц.Лувсандорж, Б.Амаржаргал, Б.Насанжаргал









БАГШЛАХ УРЛАГ
Математикийн хичээл, сургалтын үзүүлэн

Хоёрдугаар багц














Улаанбаатар
2018



ӨМНӨХ ҮГ
Математикаар хичээллэхэд  хүн ухаалаг, шударга, төлөв даруу, өөртөө итгэлтэй болдог.  Ийм хүн төв, зөв байдаг. Үүнд л математик судлахын үнэн үнэ цэнэ оршдог. Ийм ч учраас дэлхийн бүх улс орон ирээдүй, хойч үе болох хүүхэд бүрээр математикийг эрчимтэй судлуулах бодлогыг эрхэмлэн баримталдаг юм. Үндэсний соёлын нөлөөлөлд бага өртөж, харин, хүн төрөлхтний нийтлэг үнэ цэнэ, нийтлэг соёл иргэншил, эрхэм зүйл, жам ёс, ухаарал, хэл, ухамсарт их захирагдан бичигддэг, бүтээгддэг мөн чанар, даяар шинжээрээ математикийн боловсролын бодлого, соёл бусдаасаа их тод ялгарна, том цэнэлэгдэнэ,  чинхүү дэнслэгдэнэ.
            Нийгмийн хөгжил хүнийхээс, хүний хөгжил түүний билиг ухаанаас; хүний билиг чанар, ухаалаг байдал нь шинжлэх ухаанаас хэтэдэн оршдог математикаар тэр хэр хичээллэснээс нь шууд хамаарна. Ийм учраас математикаар хүүхдийнх нь үзүүлэх сурлагын амжилтаар улс орны өнөөгийн болон ирээдүйн өнгө төрх хийгээд нийгмийн ухамсар, ухаарлын дэвшил, бүтээлч чанарыг шинжиж болдог.  
Хүний ухаалаг чанар нь эргэцүүллээр эхэлж, шүүмжлэлээр өрнөж, бүтээлч хандлага, сэтгэлгээний үр болсон бүтээлч шийдэл, зөв, төв шийдвэрээр илэрч байдаг.  Математикийн хичээлээр хүүхдийнх нь үзүүлэх сурлагын амжилт өндөр байгаа тэр улсад ухаалаг, шударга, төлөв даруу, өөртөө итгэлтэй хүний нөөц төдий чинээгээр сайн бэлтгэгддэг. Харин сурлагын тэр амжилт чанар нь нэн тааруу улсад  хүнээр хөгжих нийгмийн хөгжлийн зүй ёсны боломж, чадамж аажмаар устаж үгүйрч байх. Математикийн багш,математикийн хичээл хүн хийгээд нийгмийн хөгжил, дэвшилд ийм л чухал үүргийг гүйцэтгэж, өндөр хариуцлагыг тээж явдаг юм.
Манай улсын математикийн боловсрол, хичээл, сургалтын чанар 1990 оноос хойш эрдмийн цэнийг улиндаа гишгэсэн бодлогын завхралаас болж дордсоор, доройтсоор; доройтсоор дордсоор бүр туйлдаа хүрч ирснийг олон талын үнэлгээ, шинжилгээний бодит баримтаар их амархан нотолж болно.  Ийм муухай, увайгүй байдлыг бий болоход нөлөөлсөн хүчин зүйл тоймгүй олон ч хичээлийн чанар,  багшийн ур чадвараас тэр шууд хамаарч байдаг жам ёсыг, харин, бид хэзээ ч үгүйсгэж үл чадна.
Математикийн хичээлийн чанарыг яаж сайжруулах вэ?; Математикийн багшийн арга зүй, ур чадварыг хэрхэн нэмэгдүүлэх вэ?;  Математикийн хичээл аймшиг биш харин гайхам соёл, хүнийг бүтэн хөгжилд хүргэх их ухаан,  бодож, сэтгэх их урлаг гэдгийг хэрхэн мэдрүүлэх вэ?; “Хүнд” гэж адлагдсан математикийн хичээлийг яаж хөнгөвчилөх вэ?; “Математик сурах” гэдэг гуниг, зовлон биш, харин баяр цэнгэл гэдгийг хэрхэн нотлон үзүүлэх вэ?
Эдгээр асуултад хариулт хайж хүнд хичээлийг хөнгөн; сурахыг баясал болгох зорилготойгоор 2016-2017 оны хичээлийн жилд эхэлсэн судалгааны энэхүү ажлыг нийслэлийн ерөнхий боловсролын МОНГЕНИ цогцолбор сургуулийн санаачлага, дэмжлэгээр 2 дахь жилдээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэв. 2017-2018 оны хичээлийн жилд явуулсан энэ судалгааны хүрээнд математикийн 100 гаруй сэдэв, агуулгын хүрээнд боловсруулсан 30 үзүүлэнг түүвэрлэн багцалж  бүтээл болгон мэргэжил нэгт МАТЕМАТИКИЙН БАГШ нартаа ийнхүү барьж байна.
Багшлах ухаан багшийн ур шингэсэн уран үйлээр  л багшлах урлаг болдог.  “Багшлах урлаг” хэмээн нэрлэсэн ийм багц үзүүлэнгийн тоо хэмжээ, чанар чансаа цаашид математикийн багш бүрийн ур шингэсэн уран үйлээр багшлах язгуур урлаг болон улам өргөжиж, математикийн хичээл сурч баясах, баясан сурахын нэгэн үлгэр дуурайл болог. Монголын хойч үе улам ухаалаг болж, баясан инээмсэглэж байг.
                                          
Цогдовын Лувсандорж

 http://uzuulenom.blogspot.com/2018/04/blog-post.html

Comments

  1. САЙН БАЙНА УУ? ТАНЫ НОМЫГ ХУДАЛДАЖ АВЧ БОЛОХУУ? ЯАЖ АВАХ ВЭ

    ReplyDelete

Post a Comment